“Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгээр хоёрдугаар сургуулийн дотуур байрыг засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-27 15:08:02
Увс /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Улаангом сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн дотуур байрны засварын төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа аймгийн ЗДТГ-т  өнөөдөр  боллоо. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.
Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр Увс аймагт 1998 оноос хойш амжилттай хэрэгжиж, 1998-2017 оны хооронд 1,660,376 ам.долларын санхүүжилт бүхий 26 төслийг хэрэгжүүлж, Увс аймгийн боловсролын салбарт олон мянган хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Мөн Япон улсын Засгийн газраас Ази, Номхон далайн орнууд болон Япон улсын хүүхэд залуусын өргөн хүрээ бүхий харилцааг бий болгох зорилгоор хэрэгжүүлдэг Jenesys 2.0 хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10 гаруй багш сурагчид Япон улсад зочлон туршлага судлах сургалтанд хамрагдахын зэрэгцээ Японы боловсролын системтэй танилцан боломжийг олгожээ. Тэрчлэн Япон улсын Ойта мужийн Ротари клубын гишүүд 2015-2016 онуудад Увс аймагт хүрэлцэн ирж аймгийн хөлбөмбөгийн холбоонд спортын хэрэгсэл, мөн сургуулиудад микроскоп, телескоп зэрэг хичээлийн хэрэгсэл, мөн 2017 онд 200 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж байсан юм.
Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайд Тода Мацуо, Такэнори Шимизу нар өмнөх жилүүдэд Увс аймагт айлчилж байсан бол Масато Такаока нь алс баруун хязгаар нутагт зочилж буй Японы гурав дахь Элчин сайд болж байна.
Увс аймгийн Цогцолбор хоёрдугаар сургуулийн 161 хүүхдийн дотуур байрны засварын ажлыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулах болсон нь хөдөө сумаас аймгийн төвийн сургуулиудад ирж суралцах хүүхдийн амьдрах нөхцөл, сурч хөгжих орчинг сайжруулж, хүүхэд багачуудын ирээдүйд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн даацтай ажил боллоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ