АНУ-ын Н2 визэнд зуучлах эрхтэй компани одоогоор гараагүй болохыг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-03-01 15:58:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Консулын газраас H-2 ангиллын визтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргалаа.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас өнгөрсөн сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Монгол Улс дээрх жагсаалтад орсноор америкийн компаниуд манай улсаас түр хугацаагаар ажиллах хүч авах боломжтой болж байгаа хэдий ч монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани байх тохиолдолд зуучлагч компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг ажиллуулдаг зохицуулалттай. Мөн монголын зуучлагч компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Гэтэл одоогийн байдлаар америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Зуучлах эрхтэй байгууллага тодорхой болмогц олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх аж.

Түүнчлэн олон нийтэд анхааруулахад "АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна" гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөжээ.
Б.Туул


Холбоотой мэдээ