Судалгаанд хамрагдсан өрхийн долоон хувь нь угаарын хордлогод өртөх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-02 17:20:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны 68 тоот захирамжаар байгуулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн  долоо орчим хувь буюу 128 өрх хордлогод өртөх эрсдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Дээрх захирамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд багийн Засаг дарга нартай хамтран  “Угаарын хийн хордлого, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан юм. Арга хэмжээний хүрээнд хамтарсан ажлын хэсэг Өлгий сумын 13 багийн 1893 өрхөөр орж, үзлэг, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулжээ.

Тандалт судалгаагаар айл өрхүүдийн ахуйн хэрэглээний зуух нь стандартын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн, яндангийн өндрийн хийц “Ахуйн хэрэглээний зуух MNS 5216:2016 стандарт”-д нийцэхгүй, ханан пийшин хагарч завсар үүссэн, зуух нь урагдсан, зуухыг модон хананд ойрхон байрлуулсан, зуухны янданд дөлийн хаалт хийсэн, янданд шатамхай материал ойртуулсан, нүүрсний чанар муу гэх мэт 100 орчим зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн ард иргэдийн угаарын хийн хордлогын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс 2100 ширхэг сэрэмжлүүлэг тараажээ.

Дашрамд дурдахад, он гарснаас хойш аймгийн төвд 21 иргэн угаарын хийнд хордож, гурван иргэн амь насаа алдаад байгаа юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ