Монголчууд Оросоос зээл авах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-24 16:40:22

ЧИТ. /TASS/. Хуучны өрийнх нь асуудлыг Улсын Думд шийдсэний дараа ОХУ-аас рублиэр зээл авна гэж найдаж байгаагаа Өвөр Байгалын хязгаарын засаг захиргааны төв болох Чит хотод айлчилж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн мэдээлжээ.

“Рублиэр зээл авах зорилгоор бид өнгөрсөн онд Оросын эрх баригчдад хандсан. Түүгээр барахгүй хэдий хэмжээний зээл авах гэж байгаагаа мэдэгдсэн. Харамсалтай нь Монголын Орост тавьсан хуучны өрийн асуудлыг шийдэх тухай гэрээг батлах үйл явц саатсан нь бидэнд асуудал үүсгэж байна. Энэ гэрээг Улсын Дум батлах ёстой” гэж тэрбээр ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.

Пүрэвсүрэнгийн хэлснээр, Монголд дахин зээл олгосноор, “худалдааны тооцоог рубль болон төгрөгт шилжүүлэхэд хялбар байх болно”. “Оросын хууль журмаар бол хэрэв хуучны өрөө барагдуулж дуусаагүй бол дахин зээл олгодоггүй. Энэ асуудлыг удахгүй шийднэ гэдэгт найдаж байна. Тэгвэл бид рублиэр дахин зээл авах хэлэлцээг эхлүүлэх хууль эрх зүйн үндэслэлтэй болно” гэж тэрбээр тайлбарлалаа.

Дээрх асуудлыг Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын худалдаа-эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны асуудлаарх 19 дүгээр хуралдааны төгсгөлд гаргасан протоколд оруулсан болохыг Монголын Гадаад хэргийн сайд нэмж хэлсэн байна. Уг баримт бичигт Л.Пүрэвсүрэн, Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской нар Чит хотод мягмар гарагт гарын үсэг зуржээ.

Монголын эрх баригчид ОХУ-аас 1 тэрбум рублийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авна гэж найдаж байна гэж Оросын хэвлэлүүд урьд нь тус улсын төлөөлөгчдийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна. "Зээлийн эцсийн хэмжээг ОХУ-ын түншүүдтэйгээ тохиролцоно" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын бүгд хуралдаан мягмар гарагт Чит хотод анх удаа боллоо. Орос-Монголын улс төрийн яриа хэлцээний эрч өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна гэж Сергей Донской уулзалтын үеэр онцлон дурдсан байна. “Бид улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоог эдийн засгийн практикт хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж тэрбээр хэлжээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ