Хавдраас сэргийлэх аргыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-09 18:59:39
МОСКВА./РИА Новости/. Хүний биед байх D амин дэмийн өндөр агууламж нь хавдрын өвчнийг даамжруулахад саад учруулдаг хэмээн “Eurekalert” цахим хуудас мэдээлжээ.

Олон улсын эрдэмтдийн баг 16 жил гаруй ажиглалт явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд 40-69 настай 33 мянга гаруй япон хүний гэр бүл дэх хавдрын өвчний түүх, хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг мэдээлэл болон цуснаас авсан дээжинд нь дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн уг судалгаанд нас, биеийн жин, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал болон архи, тамхины хэрэглээ зэрэг хүчин зүйлийг хамруулсан бөгөөд D амин дэмийн өндөр агууламж нь хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар бууруулдаг болохыг судалгааны дүн харуулжээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй нөлөөлдөг байна.

Түүнчлэн тус бодис цусанд ихээхэн хэмжээтэй байх нь элэгний хавдраар өвчлөх магадлалыг 30-50 хувь бууруулдаг аж.

Судалгааны дүнд D амин дэм нь хавдраас сэргийлдэг болохыг баталж байгаа хэдий ч “тус бодисны агууламж тодорхой түвшнээс доогуур байх нь ямар ч нэмэлт нөлөө үзүүлэхгүй байж болохыг үгүйсгэх аргагүй юм” гэж эрдэмтэд үзэж байгаа аж.  
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ