80-аад цагаан зээрийн сэг зэмийг устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-11 08:55:57
Дорноговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг цагаан зээрийн сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгууллаа.
Дээрх ажлыг УБТЗ-ын Замын дөрөвдүгээр анги, Тохижилт-Сайншанд хот тохижилтын газар, дүйцүүлэх цэргийн албаны таван гэрээт цэргийн хамт зохион байгуулж нийт 78 цагаан зээрийн сэг зэм устгажээ.
Өвлийн хахир хүйтнийг давж хавартай золгосон ядруу, туранхай зээрийн сүрэг идэж тэжээл хайж Дорнодын талаас говь нутаг руу олон тоогоороо нүүдэллэн ирсэн бөгөөд зээрийн сүргээс малын гоц халдварт өвчин халдаж болзошгүй гэж албаныхан үзэж буй. 
Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Сайншанд зэрэг суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан бөгөөд өвчлөл гарсан суманд хорио цээрийн бүс тогтоож мал эмнэлэг, онцгой зэрэг мэргэжлийн байгууллагууд  хамтран ажиллаж байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ