Баян-Өлгийн 25 иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-13 11:55:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 25 иргэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орохоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ сарын 5-7-ны өдрүүдэд бүртгүүлжээ.

Тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Галиягийн тайлбарласнаар энэ жил хамгийн олон хүн бүртгүүлсэн бөгөөд өмнөх жилүүдэд 10 хүрэхгүй хүн Солонгос Улсад хөдөлмөр эрхлэхээр ханддаг байжээ. Шалгалтад орохоор бүртгүүлсэн дээрх 18-39 насны иргэдийн материалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлжээ. Хэлний шалгалт авах хугацаа хараахан тодорхой болоогүй байна.

Дашрамд дурдахад, хорих ял эдлээгүй, Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй, тус улсаас албадан гаргагдаагүй, эх орноосоо гарах эрхээ хязгаарлуулаагүй Монгол Улсын иргэн дээрх шалгалтад орж, Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжтой аж.
 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ