Ш.Абэ Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элчийг хүлээн авч уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-13 13:45:41
ТОКИО./РИА Новости/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч, тус улсын Үндэсний тагнуулын албаны дарга Сон Хуныг хүлээн авч уулзжээ.

“Солонгосын хойгийг цөмийн  зэвсгээс ангижруулах талаархи яриа хэлэлцээг манай улс өндрөөр үнэлж байна. Умард Солонгосын тал тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэлсэн үгээ бодит үйлдэлтэйгээ нийцүүлэх нь маш чухал. Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон Умард Солонгост байгаа манай иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай улс, АНУ болон Өмнөд Солонгос улс нягт хамтран ажиллаж, бүхий л хүчин чармайлтаа тавих болно” хэмээн Ш.Абэ мэдэгдсэн байна.

Харин Өмнөд Солонгосын тусгай элч Со Хун хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахын тулд манай улс болон Япон улсын төрийн тэргүүнүүд хүчээ нэгтгэх нь чухал юм” гэжээ.

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын тусгай элчүүд болох Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны дарга Со Хун нар Умард Солонгост хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулахаар АНУ-ыг зорьсон юм. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай энэ оны 5 дугаар сард багтан уулзахыг зөвшөөрсөн юм.

Өчигдөр Чон Ый Ён хоёр өдрийн айлчлалаар Хятад улсыг зорьж Харин Со Хун Япон улсад айлчилсан билээ. Чон Ый Ён Хятад улсад айлчилсныхаа дараа Орост айлчлах юм.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ