Улаан загалмайн хороо төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-13 18:35:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Улаан загалмайн хороогоор хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа.
-Олон нийтийн оролцоонд тулгуурлан эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах, сайн дурын донорын хөдөлгөөн өрнүүлэх, нийтийг хамарсан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах, гамшиг ослын үед хэнийг ч үл ялгаварлан тусламж үзүүлэх зэрэг чиг үүргийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх, хүүхэд залуучуудад хүмүүнлэгийн хөдөлгөөн өрнүүлэх, хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх зэрэг олон үйл ажиллагааг гүйцэтгэхээр гэрээ байгууллаа гэж аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ууганбаяр ярьлаа.
Тус аймгийн Улаан загалмайн байгууллага үйл ажиллагаа нь өнгөрсөн оны сүүлчээс идэвхжиж шинээр барилга барьж, салбар зөвлөлөө албан ёсоор байгуулсан байна. Цас зудтай байгаа өмнөд бүсийн дөрвөн сумын 200 өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн болон бусад тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ