Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-03-14 16:30:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, ХБНГУ-ын “Path Medical” төвөөс өнөөдөр Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлав.

Төхөөрөмжийг “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын захирал Б.Хэрлэн, ХБНГУ-ын “Path Medical” төвийн олон улсын худалдааны зохицуулагч Б.Петер нар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга хүлээлгэн өгсөн юм.

“Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб нь 2016 онд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д дээрх төхөөрөмжийг хандивлаж байсан юм. Монгол Улсад 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог аж. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн сонсгол, хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэх үзлэг, илрүүлэг, оношилгоо хийх нь туйлын чухал юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ