Орхон бүсийн сумдад зориулсан спорт танхим нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:57:15

Сэлэнгэ аймгийн баруун бүсийн сумдын иргэдэд зориулсан спорт заал энэ сарын 21-ний өдөр Баруунбүрэн суманд ашиглалтанд орлоо.

Аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэдэд зориулсан тус спортын заалыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарын дэмжлэгтэйгээр барьж ашиглалтанд оруулсан байна. Спорт заалын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баруунбүрэн сумын удирдлагууд, иргэдийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр шатар, үндэсний бөхийн тэмцээнүүд зохион байгуулагдсан. Сэлэнгэ аймгийн баруун сумд болох Баруунбүрэн, Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Хушаат сумдын иргэд спортын төрөл бүрийн арга хэмжээнүүдээ зохион байгуулах боломжтой болж байгаа юм. 500 хүний суудал бүхий энэ том спорт цогцолборыг Сэлэнгэ аймаг бүсийн сумдын төвдөө барьж байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Өмнө нь Цагааннуур, Мандал сумдад барьж байгуулсан. Цаашид Баруунбүрэн суманд баригдсан энэхүү спорт зааланд фитнесс клуб, шатар, сагсан бөмбөг, волейболын секц дугуйлангууд тогтмол хичээллэх юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг     

Холбоотой мэдээ