Ж.Батзандан: Зөрчлийн хуулийн талаар иргэдээс ирсэн гомдол үндэслэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-15 12:06:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд болж байна.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд, улсын байцаагч нар, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцож байна. 

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сарын хугацаа өнгөрч буй ч уг хуультай холбоотой олон шүүмжлэл, гомдол иргэд, хуульчдаас ирж байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийн эхэнд онцлов. Тухайлбал зөрчилд ногдуулах шийтгэл, хариуцлагын зохицуулалт ойлгомжгүй, давхардсан олон заалттай, хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа завхрал гарч байгаа бол УИХ засч залруулах ёстойг хэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, ШЕЗ, ЦЕГ, УЕПГ, ГЕГ, СЗХ, ТЕГ, МХЕГ зэрэг хууль, шүүх, хяналтын байгууллагуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд хуулийн хэрэгжилттэй холбогдох амьдрал, практикт гарч буй дутагдлуудыг хэлж, байр сууриа илэрхийлж буй юм. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт, хариуцлага шаардах эрх бүхий дээрх байгууллагуудаас Зөрчлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой олон гомдол, шүүмжлэл ирүүлж байгаа аж. 

Иргэдээс ирүүлсэн гомдлоос дурдвал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид олгох шийтгэл нь хөнгөн, хохирогч дахин хохирох нөхцөл бүрдүүлж байна, жолооч нар зөрчлийн хуулиар давхар хариуцлага хүлээж байна, торгууль болон эрхийг нь хасах гэсэн давхар шийтгэл ногдуулах хэр оновчтой вэ, түүнчлэн автомашин, мотоцикл унаж зөрчил гаргасан жолоочийн шийтгэл яг адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэх мэт гомдол олон байгаа аж. Иргэдээс ирүүлж буй уг гомдол, шүүмжлэлийг үндэслэлтэй байна гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байв. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн найруулсан, 50-60 ерөнхий ангитай, 640 зүйл ангитай Зөрчлийн хуулийг 2017 оны 5-р сард баталж, мөн оны 7-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох; баривчлах; эрх хасах шийтгэл оногдуулахаар заасан байгаа.  Торгуудлийн хэмжээ нь хүнд 10-аас 20. 000 нэгж  буюу 10 мянгаас 20 сая, хуулийн этгээд 100-аас 200 мянган нэгж буюу 100 мянгаас 200 сая төгрөг байна. Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилна. Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж.
 
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ