Сум бүрт 1000 боодол өвс үнэгүй өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-15 15:18:46
Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг сумдад ажиллаж байна.  Аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц багассан тул Улсын онцгой комисс, Улсын нөөцийн Хүмүүнлэгийн тусламжийн газар луу өвс тэжээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох саналыг хүргүүлсний дагуу 100 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 12000 боодол өвсийг үнэ төлбөргүйгээр сумдад хүргэж байгаа юм.

Албаныхан аймгийн өмнөд бүс болох Хатанбулаг, Хөвсгөл, Мандах, Сайхандулаан зэрэг суманд ажиллаж малчдад өвс тэжээл хүргээд байгаа юм. Харин энэ сарын 17-нд Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдал, аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг дараагийн сумд болох Дэлгэрэх, Иххэт суманд ажиллаж малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулах ажээ.
Хэдийгээр говь нутгийн малчид өвс тэжээл боломжийн хэмжээнд бэлтгэж 2017-2018 оны өвлийг өнөтэй  давсан ч хаврын хахир урт өдрүүд үргэлжилж, зарим газар шороон шуурга тавьж, хүйтэрч байгаа нь хаваржилтад сөргөөр нөлөөлж байгаа аж.
Ялангуяа цагаан сарын дараагийн хэдэн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч шороон шуурга шуурснаар Дорноговь аймгийн хойд талын сумдад гадны аймгаас их хэмжээний адуу салхи уруудан ирж бэлчээр талхалж эхэлжээ. Мөн зарим суманд өнгөрсөн зун бороо хур ороогүй хуурай байснаас үүдэж өвс тэжээлийн хомсдолд орсон байна. 
 
 Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ