Хөвсгөлд долоон ахмад дайчин амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-16 21:33:05
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж олон нийтэд алдаршуулан тэдний хөдөлмөр гавъяаг үр хүүхэд хойч үеийн залууст сурталчлана.

Тус аймгийн Мөрөн суманд 2, Цагаан-Уул суманд 2, Эрдэнэбулган, Тариалан сумдад тус бүр 1, Хатгал тосгонд 1 ахмад дайчид амьдарч байна. Сумдад байгаа ахмад дайчдыг тухайн сумын удирдлагууд, Мөрөн суманд  амьдарч буй ахмад дайчдыг Мөрөн сум, аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх гэнэ.

Энэ жилийн хувьд Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ой, Рашаант сумын уугуул Жасрангийн Цэрэнгийн 110 жилийн ой тус тус тохиож байгаа учраас түүнийг алдаршуулах гавъяат, үйлсийг нь мөнхжүүлэх арга хэмжээг бүтэн жилийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.  Ж.Цэрэн нь тухайн үеийн Халх голын \1936-1938 он\ дайны жилүүдэд МУ-ын Жанжин штабын даргаар ажиллаж байсан боловч түүхийн улбаагаар хэлмэгдэж, дараа нь цагаатсан байна. Цэргийн баяртай холбоотой явагдаж байгаа бүх арга хэмжээнүүдийг Ж.Цэрэнгийн нэрэмжит болгон явуулж байгаагаараа онцлогтой юм. Цэргийн баярын арга хэмжээ энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн  бөгөөд өмнөх жилүүдийг бодвол спортын уралдаан тэмцээний төрөл, тоо нь нэмэгдсэн багуудын ур чадвар дээшилсэн, залуужсанаараа  онцлог болж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ