Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалт 97,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-18 09:23:19
Булган /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар нийт 15 сумын 2757 өрхийн 249 тэмээ, 85852 үхэр, 724 гахай, 16651 хонь, 12166 ямаа, нийт 115642 толгой мал вакцинжуулж 97.8 хувьтай байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Баян-Агт, Баяннуур, Гурванбулаг, Могод, Сэлэнгэ, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Сайхан, Рашаант, Дашинчилэн сум вакцинжуулах ажил дуусчээ. Харин Бугат, Булган, Бүрэгхангай, Орхон суманд 83,7-98,9 хувьтай байна.
Булган аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Булган, Бугат зэрэг зургаан суманд гараад байгаа юм. Рашаант, Гурванбулаг сумын шүлхий өвчний дэгдэлт намдаж, хорио цээрийн дэглэм буурч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байна.
Аймгийн хэмжээнд нийт 50 пост, 6 ариутгал халдваргүйтгэлтийн цэгт 405 төрийн албан хаагч, иргэн, 100 техник хэрэгсэлтэй ажиллаж мал, амьтны гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм.  
Малын үзлэг тандалтыг шүлхий өвчин гарсан сумаас гадна тухайн сумтай хил залгаа суманд нэгдсэн үзлэг тандалт вакцинжуулалтын ажлыг хийж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ