Гал унтраах, аврах анги байгуулах ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-20 18:49:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Гал унтраах, аврах анги байгуулж байгаатай холбоотойгоор өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй бүрэлдэхүүн сумын удирдлагуудтай уулзаж, ажлын явцтай газар дээр нь үзэж танилцсан байна.
Тус аврах анги нь энэ сарын 1-ээс ажиллаж эхлэх байсан боловч ажлын байр, боловсон хүчний амьдрах орон сууцны асуудал зэргээс үүдэн өнөөдрийг хүрээд байгаа юм. Улсын төсөвт албан хаагчдын цалин хөлс зэрэг хувьсах зардлууд батлагдаж, аймгийн төсөвт 480 сая төгрөг суулган түрээсийн байрны зардлыг шийдээд байгаа юм. ОБЕГ-аас боловсон хүчнээ бэлтгэн сургаж, 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах машин, техник хэрэгслээр ханган ажиллахаар шийдвэрлэжээ.
Бэлтгэл ажлуудыг ийн хангаж, ирэх 6 дугаар сарын 1-ээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр талууд ажлаа эрчимжүүлэхээр боллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ