Газар өмчлүүлэхийг хугацаагүй болгох саналыг иргэд дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-22 15:32:53
Булган /МОНЦАМЭ/  Газар өмчлүүлэх асуудлыг хугацаагүй болгох, газар өмчилж авах эрхийг нээлттэй болгох саналыг Булган аймгийн ИТХ-ын иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын нэгэнд дуусгавар болох юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан, хуулийн үзэл баримтлал, дагалдан гарах хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулж санал авах хэлэлцүүлгийн үеэр 18 нас хүрээгүй хүүхэд газар өмчлөх эрхтэй боловч насанд хүртэл нь эцэг эх нь газрыг захиран зарцуулах эрхгүй ашиглаж болох, өмчилсөн газрыг нэг удаа төрд буцаан өгч дахин өөр шинэ газар үнэгүй өмчлөх эрхтэй байх, өрхийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс тариалах зорилгоор 0,1 га хүртэл газрыг өмчлүүлэх зэрэг саналыг тавилаа гэж аймгийн Иргэний танхим хариуцсан ажилтан Ч.Ариун ярилаа.
Газрын тухай хэлэлцүүлэгт Булган сумын иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, аймгийн төв болон Бугат сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
М.Батжаргал

Холбоотой мэдээ