Г.Баатар: Хуучны орон сууцнуудад 347 сая төгрөгөөр засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-22 22:40:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатаар ахлуулсан “Өндөрхаан” СӨХ-ны ажлыг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан, өнгөрсөн гурван сарын хугацаанд ажиллалаа. Саяхан тус ажлын хэсэг СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан бөгөөд хурлаас ямар шийдвэр гарсан тухай “Өндөрхаан” хот тохижилт ОНӨҮГ-ын захирал Г.Баатартай уулзаж тодрууллаа.

-Хэрлэн сумын ЗДТГ-аас аймгийн төвийн орон сууцнуудын СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажлын хэсэг гарган ажилласан. Ажлын хэсэг хэрхэн ажиллаж, ямар шийдвэрт хүрээд байна вэ?  
 
-Бид аймгийн төвийн орон сууцнуудыг хариуцан ажиллаж байсан “Өндөрхаан” СӨХ-ны  үйл ажиллагааг сайжруулахаар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд миний бие оролцож ажиллалаа. Ажлын хэсэг Чойбалсан хот, Нийслэлийн Багануур дүүргийн СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан. Ингээд ажлын хэсэг 3 сар ажиллаж, өнөөдөр асуудал бүхий 34 байрны СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, удирдах зөвлөлөө шинэчиллээ. Удирдах зөвлөлийн даргаар хуучин удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Чингис хотын захирагч Ц.Идэрбат, гүйцэтгэх захирлаар “Өндөрхаан” хот тохижилт ОНӨҮГ-ын захирал Г.Баатар миний бие сонгогдон ажиллаж байна. Үүний зэрэгцээ СӨХ-ны ажилчдын орон тоо, цалинг баталлаа. Ерөнхийдөө менежер, 19 ажилтантай байхаар тооцсон. Эхний ээлжинд хуучны орон сууцнуудад 347 сая төгрөгөөр засвар хийгдэнэ. Засвар хийх төлөвлөгөө гарчихсан учраас  тухайн байрнуудад шаардлагатай байгаа засваруудыг шалгаж нягтлан шийдвэрлэнэ. Үүнд :  Орцны дотор талын ханыг будах, гэрэлтүүлэг тавих, шатыг будах, камертай болгох, байрны гадна талд  хашаа хийх, сандал тавих зэрэг ажлууд хийгдэх юм. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгуулсан тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг найман сая төгрөгөөр засварлах ажил хийгдэнэ.

-Чингис хотод хогны шинэ менежментийг хэрэгжүүлж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид одоогоос яг нэг жилийн өмнө Чингис хотын таван багт хогны шинэ менежментийн ажлыг эхлүүлж байсан. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг зайлуулах ажлыг “Өндөрхаан” хот тохижилт ОНӨҮГазар хариуцан ажиллаж,  өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр дүнтэй ажиллалаа. Үйл ажиллагаа маань ч жигдрээд байна. Айл өрхүүдийн цахилгааны төлбөр дээр хог хаягдлын төлбөр хураах болсонтой холбоотой өргөдөл гомдол гарахаа больж, иргэд маань бидний үйл ажиллагааг дэмждэг болсон. Өнгөрсөн зургаан сараас “Хэнтий Ус” ХХК-ийн  хог тээвэрлэлтийн зориулалттай таван машин, зохион байгуулагч, ачигч нар манай байгууллагад шилжин ирж, ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил аймгийн төвийн хойно байрлах хогийн цэгийг дарж булшлах ажлыг 20 сая төгрөгөөр гүйцэтгэж, 3\1 хэсгийг  дарж чадсан. Удахгүй бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан барилгын суурин шороо болон нүүрсний хогоор  хогийн цэгийн  булах ажлыг хийж дуусгана.  Энэ оны  нэг сараас эхлэн хотоос гарч буй хогийг шинэ хогийн цэг дээр хаяж байгааг иргэддээ дуулгамаар байна.

-Урин цаг ирж байгаатай холбогдуулан Чингис хотод маань тохижилтын ажлууд хийгддэг.  Ойрын  төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
-Бид өнгөрсөн жилийн зун хотынхоо усан оргилууруудыг ашиглалтад оруулж чадаагүй. Учир нь усан дотор ажиллах насосуудыг хавар скаладнаас гаргаж, хэмжилт хийх гэтэл бүгд ус нэвччихсэн байсан. Ийм насосыг ажиллуулвал усанд тог үүсэж,  хүүхэд багачуудад  аюултай байсан учраас ажиллуулах боломжгүй байсан. Энэ байдлыг аймаг, орон нутгийн засаг захиргаанд уламжилж, 20 сая төгрөгийн санхүүжилт аваад байна. Өнгөрсөн жил усан оргилуурын газардуулга хийсэн. Газардуулга сайн хийхгүй бол тог цохих аюултай байдаг. Тийм учраас энэ жил зургаан сарын нэгэн гэхэд усан оргилууруудыг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна тохижилтын олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ