Хөгжимт драмын театрынхны өмнө тулгамдсан зарим асуудлыг шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-29 21:33:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилтан, албан хаагчийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал  Хөгжимт драмын театрынхны саналыг сонсоод,  хөгжим хэрэгслийг шинэчлэхэд 19.8 сая төгрөг, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах, СУИС-д суралцаж буй уран бүтээлчдийг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах, гэр хороололд амьдарч буй уран бүтээлчдийг хаус хороололд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, уран бүтээлчдийн хөдөө сумд, бусад аймагт ажиллахад шаардлагатай автобусыг тус тус шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. 
Анх 1977 онд байгуулагдаж байсан аймгийн Хөгжимт драмын театр өдгөө 60 хүний орон тоотойгоор мэргэжлийн урлагийн үйлчилгээг Баянхонгор аймгийн ард иргэдэд хүргэн ажиллаж байна.
Энэ оноос эхлэн тус театр нь аймгийн олон ажилтан, албан хаагчтай байгууллагуудтай хамтын ажиллагааны хоёр талт гэрээг байгуулан ажиллаж байна. Уг гэрээний хүрээнд уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэлтийн тоог нэмэгдүүлэх, нөгөө талдаа тухайн байгууллагуудад ХДТ материаллаг болон уран бүтээлийн дэмжлэг үзүүлж ажиллах юм. “Театрын хамт олон 2017 онд хувцас, тайзны шинэчлэлийн ажлыг 30 хувь, гэрэлтүүлгийг 75 хувь, тоног төхөөрөмжийг 90 хувьтай шийдвэрлэн ажилласан байна. Театрын уран бүтээлчдийн цалин төрийн албан хаагчдын цалингаас 35 хувиар бага байдаг бөгөөд удирдлагуудын зүгээс ажилчдаа гадны улс оронд илүү цалинтай ажиллах боломжийг олгох үүднээс гурван сарын чөлөөг хүртэл олгож ажиллаж байгаа”-гаа театрын удирдлага нуусангүй.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийг ажиллах үеэр ХДТ-ын хамт олон хэд хэдэн саналыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, Баянхонгор аймаг нь хөдөөгийн 19 сумтай учир хөдөөгийн ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг үзүүлэхэд өөрийн гэсэн машингүйн улмаас хүндрэлтэй байдаг. Санхүүгийн хүрээнд уран бүтээлийн зардалд жилдээ 23 сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ч энэ мөнгийг сар бүрт нь хувааж олгодог нь томоохон уран бүтээлийг хийхэд хүндрэл учруулдагийг хэлж байв. Мөн ХДТ-ын хөгжимчин, бүжигчдийн тоо хангалтгүй байдаг учир мэргэжлийн хэмжээнд тухайн бүтээлийг тайзнаа амилуулахад хүндрэл гардаг байна. Тиймээс одоо 60 хүний орон тоотой тус театрын орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага бий болжээ. Түүнээс гадна тус театраас найман хүн СУИС-д суралцаж байгаа бөгөөд энэ хавраас СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж буй таван хүүхдийн төлбөрт дэмжлэг үзүүлэх замаар аймгийнхаа театрт 5-7 жил ажиллах гэрээ байгуулж жүжигчдийн залуу халааг бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Театрын барилгын сантехник муудаж, хэзээ мөдгүй ус алдахад бэлэн болсон учраас сантехникийн засвар үйлчилгээг хийх хэрэгтэй болсныг мөн хэлж байсан юм. 
                                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ