Хувь хүний хандлагыг өөрчлөхгүйгээр үйлдвэрийн осол буурахгүйг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-30 12:12:58
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Хувь хүний хандлага өөрчлөгдөхгүйгээр юуг ч өөрчлөх боломжгүй” гэсэн үзэл санаа “НЭН ТҮРҮҮНД ХАБ, ХАМТЫН ОРОЛЦОО-2018” форумын гол агуулга байлаа.
Орхон аймагт хоёр өдөр үргэлжилсэн уг форумыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жилийн ойн хүрээндээ санаачилж, “Оюу толгой” ХХК, “Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн холбоо” ТББ дэмжин ажиллажээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Уул, уурхай, хүнд үйлдвэр зэрэг зургаан яам, төрийн болон төрийн бус 16  байгууллага хамтран оролцсон байна.
 
“VISION ZERO” буюу “Ослыг тэглэх” хөдөлгөөнд Монгол Улс нэгдэх асуудлыг дэмжиж холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх талаар зөвлөгөөний эхэнд онцолж үүний хүрээнд олон асуудлыг хэлэлцлээ.  Тухайлбал, үйлдвэрийн ослыг тэглэж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулахад хувь хүний хандлага маш чухал гэнэ.  Хөдөлмөр хамгааллын чиглэлээр олон дүрэм, журам, стандарт, хөтөлбөр бий ч үүнийг хэрэгжүүлэх ухамсар, хандлагыг өөртөө төлөвшүүлээгүй ажилтан, албан хаагч эрсдэл гаргадаг байна. Иймд “Та өөрөө өөртөө эзэн” гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй гэлээ.
 
 Монгол Улсад 2016, 2017 онд тус бүр 332 удаа  үйлдвэрийн осол, хурц хордлогын тохиодол бүртгэгдэж үүний 18-55 хувь нь уул, уурхайн олборлох салбарт гарчээ. Үүний 288 буюу 86.7 хувь нь үйлдвэрийн осол, 44 буюу 13.3 хувь нь хурц хордлого байсан аж. Ийм эрсдэл гарч буй гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрддөггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, ХАБ бүтэц, орон тоо байхгүй, эрсдлийн үнэлгээ хийдэггүй, үзлэгийг мөрдөж ажилладаггүйтэй холбоотой ажээ. Энэ мэт тулгамдаж буй асуудлыг форумд оролцогчид хэлэлцэж “Ослыг тэглэх алсын хараа”, түүнд  хүрэх долоон  дүрмийг танилцууллаа.  Мөн Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах OHSAS:18001:2012 стандартаас OHSAS:45001 гэсэн стандарт руу шилжих зорилт тавьж байгааг форумын төгсгөлд мэдээллээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад уул, уурхайн салбарт  753 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж үүнд  22000 гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна.  
 
 Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ