Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасаг сэтгэл заслын шинэ өрөөтэй боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-04-03 20:34:44
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасаг хувь хүнд хийгддэг эмчилгээ болох сэтгэл засах өрөөтэй боллоо. Ийм өрөөг бий болгоход зориулж Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК зуухан цехийн хамт олон 3 өдрийн цалингаа хандивлаж 3,5 сая төгрөг цуглуулж өгчээ. Харин өрөөг тохижуулах ажлыг “Тэнгэрлэг гэр бүл” фэйсбүүк группын гишүүд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэжээ.

Тус эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтнүүдэд тухайн орчин бүрдүүлэх, сэтгэл засалч эмчийн ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой өрөөг бий болгох зорилгоор Сэтгэцийн тасгийн эрхлэгч Д.Өлзийхишиг тэргүүтэй эмч, ажилтнууд төсөл бичиж Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-д хандсан нь ийн биеллээ олжээ.
Сэтгэл засах эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд дуу чимээ багатай, тухайн өрөө нь тайвшрал өгдөг, ганцаарчилсан болон олон хүнд нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлэх тохиоромжтой байх ёстой аж.
Аймгийн хэмжээнд сэтгэл заслын их эмч ажилладаг ч урд өмнө нь ийм тохиромжтой өрөөгүй байсан юм. 
Сэтгэл заслын эмчилгээ хийхэд удаан хугацаа шаарддаг гэнэ. Тухайн хүний сэтгэлийг засах тайвшруулах, эмчилгээг хувь хүнтэй ганцаарчилж хийгддэг тул хамгийн багадаа нэг сар гаруй хугацааг зарцуулдаг бол урт хугацаа нь 1-3 жил хүртэл ч үргэлжилдэг байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод сэтгэл засах зориулалтын өрөөтэй эмнэлгүүд байдаг. Харин хөдөө орон нутагт анх удаа Дархан хотын нэгдсэн эмнэлэгийн сэтгэцийн тасагт байгуулагдсанаараа онцлогтой гэж сэтгэл засал их эмч М.Гансүх онцолсон. Сэтгэл засалч их эмч М.Гансүх өнгөрсөн жил гаруйн хугацаанд Эрүүл мэндийн газарт кабинетээр сэтгэл засах эмчилгээг 40 гаруй иргэнд үзүүлжээ.

Дээрх тохижилтыг хийхэд 3,5 сая төгрөгийн материал орсон аж. Хэрэв гүйцэтгэлийн ажлын хөлс орсон тохиолдолд 5-6 сая төгрөг болох байсан тухай тасгийн эрхлэгч Д.Өлзийхишиг мэдээллээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ