Улс орноосоо хөөн гаргасан дипломатчдын оронд шинэ хүмүүс явуулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-04 16:15:27
МОСКВА. /РИА Новости/.  АНУ-ын улс орноосоо хөөн гаргасан Оросын 60 дипломатчийн оронд шинэ хүмүүс илгээхийг АНУ-ын Төрийн Департамент ОХУ-д санал болгожээ. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллахад зөвшөөрөгдсөн ажилтнуудын нийт тоог бууруулахгүй байж болно хэмээн тус газар тэмдэглэсэн байна.

"ОХУ-ын Засгийн газар дипломат төлөөлөгчийн газрууд дахь сул орон тоон дээр хүмүүсийг нөхөн томилж бүрэн эрхийг нь урьдын адил хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй” хэмээн Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын улс орноосоо хөөн гаргасан АНУ-ын дипломатчдын оронд шинэ дипломатчдыг Орос улс хүлээн авах боломжтой гэж АНУ үзэж байна хэмээн тэрбээр ярьсан байна.  

Оросын дипломатчдыг улс орноосоо хөөн гаргах болсон шалтгаан нь ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэрэгт Их Британийн эрх баригчид Оросыг буруутгаж байгаатай холбоотой билээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ