“Ховд Мед” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг шинээр байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-04 17:37:14
Ховд /МОНЦАМЭ/ “Ховд Мед” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа энэ  оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга клиникийн профессор Ц.Мягмарсүрэн, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхболд, Монгол Улсын хүний гавьяат эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Даваабал Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Б.Нансалмаа, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.Гэрэлсүрэн нар оролцов.
Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлсэн үгэндээ эмэгтэйчүүд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг тэргүүлэх эмч нар болох Б.Нансалмаа, П.Гэрэлсүрэн нар хамтран энэхүү эмнэлгийг нээж байгаад Ховдчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа онцлов.
Ховд аймаг нь 87,0 мянга гаруй хүн амтай, нийт хүн амын 40 гаруй мянга буюу 49,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Үүнээс 19 мянга буюу 43,2 хувийг төрөх насны эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний дунд өвчлөл, жирэмсэн үеийн эрсдэлүүд өндөр гардаг байна. Түүнчлэн алслагдсан бүс нутаг учраас ургийн эрт оношлогооны хамрагдалт, багаж техник тоног төхөөрөмжийн хүчин чадал хомс байдаг. Мөн 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 12,23 хувийг амьдрах боломжгүй төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаант нас баралт эзэлж, амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх гажгийн тохиолдол жил бүр нэмэгдсээр байгаа юм. Тиймээс жирэмсэн эхчүүдийн үзлэг, хяналт ургийн эрт оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Ховд Мед” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг үүдээ нээлээ.
Тус эмнэлэг нь эмэгтэйчүүдийн их эмч, эх баригч гэсэн 3 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, орчин үеийн хүчин чадал бүхий 3D, 4D аппаратаар үзлэг оношлогоо хийх болсноороо Ховд аймагт анхдагч нь болж байгаа юм.
Ховд аймгийн БОЭТ-ийн зүүн жигүүрт "Турлиахт" компанийн шинээр баригдсан 4 давхар орон сууцны  нэг давхрын сууцнуудад хаврын сар эхэлснээс хойш Хүүхдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг нийт гурван хувийн эмнэлэг ар араасаа дуу дуугаа авалцан байгуулагдлаа. Ард иргэдийн зүгээс архины дэлгүүр биш, иргэд бидний  эрүүл мэндэд чухал хэрэгцээтэй эмнэлгүүд нээгдэж байгаад талархалтай байна. 
 
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ