Хэнтийн удирдах ажилтнуудын хоёрдугаар зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Удирдах ажилтны хоёрдугаар зөвлөлгөөн Чингис хотноо хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус зөвлөлгөөнийг төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхжуулах зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.
Зөвлөлгөөнд нийт 193 төсвийн шууд захирагч нар буюу сумдын ЗДТГ-ын дарга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, агентлаг байгууллагын дарга нар хамрагджээ.
Урилгаар Монгол Улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба тэргүүтэй хүмүүс оролцжээ.
Тэд Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулга, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр зэрэг өргөн сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн байна.
Энэ үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Баянмөнх сумын ЗДТГ-ын дарга А.Болормаа нарыг Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнасан бол таван албан хаагчийг аймгийн Хүндэт тэмдгээр, зургаан хүнийг Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр шагналаа.
Түүнчлэн мэргэжлийн ур чадвар идэвх санаачлага гарган, албан үүргээ хангалттай сайн биелүүлж, 2017 оны ажлын үр дүнгээрээ салбартаа эхний тавд орсон ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, ХХААГ, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нарыг аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн хувиар урамшуулсныг уншиж танилцууллаа.
Зөвлөлгөөний төгсгөлд албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн хууль тогтоомжийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг иргэдэд шударга, чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, шийдвэр гаргах, хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэхдээ хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах зэрэг есөн зүйлийг баримтлан ажиллахаа илэрхийлсэн баталгааны төслийг танилцуулсан бөгөөд 100 хувийн саналаар дэмжив.
Д.Одонтунгалаг