Хүүхдийн уншлагын танхимаар өдөрт 30-50 сурагч үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-05 17:58:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн зохиолч,  орчуулагч, нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн нэрэмжит хүүхдийн уншлагын танхимаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, өдөрт дунджаар 30-50 сурагч үйлчлүүлж байна. 
Хүүхдийн уншилгын танхимд сурагчид ихэвчлэн ангиараа хүрэлцэн ирэх нь олширчээ. Тухайлбал Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн Б.Алтанцэцэг багштай нэгдүгээр ангийнхан долоо хоног бүрийн дөрөвдэх өдөр тогтмол ирж уншилгын үйл ажиллагаанд оролцдог уламжлал тогтжээ. Тус ангийнхан намар есдүгээр сараас хойш Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, багш, эцэг, номын санчаар үлгэрийн болоод адал явдалт ном уншуулдаг байсан бол одоо тэд өөрсдөө хэний ч тусламжгүйгээр сонирхсон номоо уншдаг болжээ. Тэд ном уншсанаар бусад хүүхдүүдээс унших, бичих, ярих чадвараараа илүү хөгжин, дүрийн тоглолт хийх сонирхолтой болсон гэнэ.
Б.Алтанцэцэг багш: "Би даасан анги бүрээ Нийтийн номын санд тогтмол уншилгын цагтай болгон, тэднийг өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг. Сүүлийн 15 гаруй жил сурагч бүрээ номтой харьцаж, номонд дуртай болгох үйл ажиллагаанд татан оролцуулж байна" хэмээлээ. 
Сүүлийн үед сурагчид "Монголын нууц товчоо" болон Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын зохиол бүтээлийг сонирхон унших болсон байна. 
Тус номын сан нь дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим, сонгодог, тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл гэх мэт 18000 орчим сан хөмрөг бүхий фондтой ажээ. 
Хүүхдийн уншилгын танхимаас гадна насанд хүрэгчдийн, уншилгын болон гэрээр ном олгох танхимаар уншигчдаа соён гэгээрүүлж буйгаас гадна алслагдсан баг суурин, албан байгууллагуудын захиалгаар зөөврийн номын үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа өргөжүүлж байна. 
Говь-Алтай аймгийн Нийтийн  номын сан нь анх 1944 онд 200 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлж өдгөө “Номын сан-мэдээллийн төв” болон өргөжжээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ