“Сити-тур” аялалын автобус ирэх сарын 1-нээс явж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-11 16:18:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. НЗДТГ-ын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа.

“Сити-тур” төсөл нь жуулчдыг хот болон хот орчмоор автобустай аялуулж, нийслэлийн түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах юм. Түүнчлэн  жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөсөн бөгөөл 2016 онд Монгол Улсад болсон АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авсан шинэ автобуснуудыг ашиглах юм.

Уг төслийг хэрэгжүүлэхийг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжив.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ