Тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-12 15:17:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төслийн танилцуулах уулзалт Баянхонгор хотноо боллоо. Уулзалтыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албан
/ГХАЖА/-аас хамтран хоёр өдрийн хугацаанд зохион явуулав.

Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн хүрээнд төслийн зорилтот аймгуудад Үндэсний хөгжлийн газар, Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран тус төслийг 2.5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлээд байгаа аж.
“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл нь 2020 оны зургадугаар сар хүртэл нийт 450-500 мянган еврогийн өртөгтэй хэрэгжих юм байна. Төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр Үндэсний хөгжлийн газар ажиллах бөгөөд төслийн үйл ажиллагааг аймгуудын төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдээр болон бусад холбогдох нэгжүүдээр дамжуулан үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлж, цаашид бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх гэнэ.
Төсөл нь сонгогдсон орон нутгийн болон ард иргэдийн олж байгаа орлого дээр тогтвортой аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд "Аялал жуулчлалын эко бүтээгдэхүүн болон үнэ цэнийн гинжин хэлхээг Монгол Улсын 3 аймагт бий болгох, Аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг болон аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуулчлалын чиглэлийн менежментийн тал дээр дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн байдал, хөрөнгө оруулалтын дэмжлэг, боловсрол, сургалтын чадавхийг сайжруулах" гэсэн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөжээ.
Сонирхуулахад, ЭТИС хөтөлбөр Баянхонгор аймагт хэрэгжсэн гурван жилийн хугацаанд орон нутгийг чадавхжуулах чиглэлээр 1000 гаруй төлөөллийг хамруулан сургажээ. Үргэлжлүүлэн төслийн баг "Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төслийг Тайланд улстай хамтран хэрэгжүүлэхээр болсноо ийнхүү танилцуулсан юм.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ