Хөвсгөл аймагт хоёр өдрийн дотор гурван удаагийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-04-17 15:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутагт сүүлийн хоёр өдрийн дотор гурван удаагийн ойн түймэр гарчээ.

Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 20:13 цагт онцгойгийнхон хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд, нийт 84 хүн, 12 техник хэрэгсэл, 19 морьтойгоор унтраахаар ажиллаж байна.

Улаан-Уул сумын төвөөс зүүн  зүгт 10 км-т орших Төгөл багийн “Дотор мөс” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарсныг орон нутгийн 34 иргэн, 4  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдөртөө багтааж бүрэн унтраажээ. Гал түймэрт 1 км урттай, 300 метрийн өргөнтэй талбай өртсөн аж.

Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар гарсан түймрийг орон нутгийн 30 иргэн, 3  автомашин, 7 мотоцикльтойгоор ажиллаж өнөө өглөө цурманд оруулсөн бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт 5 га талбай өртсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ