1000 гаруй тонн самар түүж төсөвт 812 сая төгрөг оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:18:00

Улсын хэмжээнд зургаан аймгийн 14 суманд хуш мод ургадаг ажээ. Үүнээс найман суманд самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог байна. Түүний нэгэнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум багтдаг юм.

Тус суманд энэ жил 7 аж ахуйн нэгж үйлдвэрийн зориулалтаар гэрээ байгуулан самар түүж 1010 тонн самар бэлтгэн 812 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан байна.

Мөн өөрийн аймгийн болон бусад аймаг, сумын иргэд хувиараа самар түүж, тэдний гар дээр 4-5 тэрбум төгрөг очсон, мэдээж хэрэг амьдрал ахуйд нь ихээхэн нэмэр болсон хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэллээ.

Самар түүх хугацаанд нэг удаа түймэр гарсныг сумын ойн анги, байгаль хамгаалагчид шуурхай хугацаанд унтраасан ба Цагдаагийн газраас эзэн холбогдогчийг тогтоон хуулйн дагуу хариуцлага тооцсон байна. Өөрөөр ноцтой зөрчил гараагүй бөгөөд самар түүх ажил 11 сарын 15-аар дуусгавар болжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ