“Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудад тулгарч буй сорилт” сэдвээр илтгэл танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-20 11:17:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсын Себу хотноо энэ сарын 13-16-ны хооронд Азийн Социал демократ сүлжээний “Ази дахь нийгмийн хамгааллын бодлогыг эргэн харах нь” сэдэвт бүсийн хурал боллоо. Хуралд Монгол Улсаас МАН-ыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх доктор Ц.Мөнхцэцэг оролцсон байна. 

Дэлхий дахины болон Ази дахь ардчиллын үйл явц, социал демократ намуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн уг хуралд Монгол, Малайз, Индонез, Филиппин, Мьянмар, Непал, Тайланд зэрэг Азийн улсуудын болон Швед, ХБНГУ, Финланд, Австрали улсын социал демократ намын төлөөлөгчид оролцжээ. 

МАН-ыг төлөөлж оролцсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх доктор Ц.Мөнхцэцэг Монгол Улс дахь нийгмийн хамгааллын бодлого, МАН-аас нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн талаар танилцуулга хийсний зэрэгцээ “Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудад тулгарч буй сорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. 

Монгол улсын хувьд нийгмийн  хамгааллын тогтолцоо сайн хөгжсөн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь бүс нутгийн бусад улсуудаас давуутай. Гэсэн ч сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их нэмэгдэж байгаагийн улмаас агаарын бохирдол, сургууль эмнэлгийн үйлчилгээний ачаалал ихсэж байгааг Ц.Мөнхцэцэг илтгэлдээ дурьдаж, энэ асуудлыг шийдэх талаар МАН болон Засгийн газраас явуулж буй арга хэмжээ, бодлогыг танилцуулжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ