Ерөнхийлөгч МҮБХ-ны маргааныг яаралтай эцэслэхгүй бол цол хураах боломжтойг сануулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-20 12:04:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ эргэн тойрон үүсээд байгаа маргааныг яаралтай эцэслэж, тус холбооны тэргүүнээр сонгогдсон хэмээн зарлаад байгаа хоёр хүнийг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгчийн байр суурь болон тавьсан санал, сануулгыг уламжилсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлж байгаагаас үүдэн талууд уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсан байна. Мөн МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг санал болгоод үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй, улам бүр газар авахуулбал бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч сануулжээ.

Бөхчүүд ч Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг хүсч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ