Диснейн стандартад нийцсэн анимэйшин хүүхэлдэйн кино Хэнтийчүүдийн хүртээл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-20 13:10:21

Хэнтий /МОНЦАМЭ/ “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшин хүүхэлдэйн кино гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн бол Эзэн Чингисийн өлгий нутагт энэ сарын 20-нд ирж үзэгчдийн хүртээл боллоо.

Тус анимэйшин нь Диснэй компанийн стандартуудыг бүрэн хангаж бүтсэнээрээ онцлогтой юм байна. Ocean pictures студийн хамт олон ирээдүй хойч үе, хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийх, дэлхийд Монгол Улсыг сурталчлан таниулах томоохон контент болсныг дуулгалаа.


Уг киног бүтээхэд найман жилийн хугацаа зарцуулсан бөгөөд нийт нэг сая 450 ширхэг зураг зурж бүтээжээ. Энэ хугацаандаа Монголын Нууц Товчооны найман бүлгийн 1146-1206 оны хоорондох үйл явдалд дурдсан бүх газруудад очиж, судалгаа хийж зохиолоо бичсэн аж. Нийт 1000 гаруй уран бүтээлчид оролцсон байна.

Эх түүхээрээ овоглогдсон эзэн Чингис хааныхаа тухай анимэйшин киног дэмжиж, Хэнтий аймгийн бүх төрийн байгууллагынхан нэгдсэн журмаар өргөн бүрэлдэхүүнтэй үзэж сонирхлоо.

"Монголын кино урлагийн түүхэнд Мөнх тэнгэрийн хүчин дор, Мандухай сэцэн хатан киноны дараа орох Чингис хааны бодит түүхээр бүтээсэн бүрэн хэмжээний том уран бүтээл болсон" хэмээн Хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч Б.Тэнгис ярилаа.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ