Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-20 19:14:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Мөн тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдийн саналын дагуу Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны тогтоол баталлаа. Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг  боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ