“Баянгол омог” хонин сүргийг Завхан, Архангайд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:15:38

Өнгөрсөн хавар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 60 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн шилмэл хонин сүргийг “Баянгол омог”-ийн хонь болгон баталсан. Тэгвэл ХХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын захиалгаар “Баянгол омог”-ийн хонин сүргээс өсвөр хээлтүүлэгч бойжуулах ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ, Баянгол сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд тус сумын 11 малчин өрхөөс хаврын ангилалтаар шилмэл ангид орсон 125 өсвөр хээлтүүлэгчийг ялган суурилж, ээмэглэж бүртгэлжүүлэн маллах малчинг сонгон түр гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн юм.

 Уг хээлтүүлэгчийг 10 дугаар сарын эхээр Завхан, Архангай  аймгуудад нийлүүлэхээр тендерийн ажлыг  ХХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газраас зарлаад байна.

“Баянгол омог”-ийн хонин сүрэг бий болсон нь Өвөрхангай аймгийн хэмжээнд анхны хонины шинэ омог баталгаажсан явдал бөгөөд төлөрхөг чанар, мах, ноосны чиглэлийн ашиг шимийн үзүүлэлтээр нутгийн монгол хонь болон бусад үүлдэр, омгийн хониноос илт давуу байгаа нь олон удаагийн судалгаа, шинжилгээгээр тогтоогдсон байна.  Уг омгийн хонь тус суманд 20000 орчим толгой байгаа аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд