Шагайн харвааны тэмцээнд 27 баг өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-22 23:39:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн 31 дэх жилдээ Баянхонгор хотноо зохион байгуулагдлаа. Аймгийн “Шагайн харвааны холбоо”, ЗДТГ, Биеийн тамир спортын газар хамтран явуулсан тус тэмцээнд насанд хүрэгчдийн 22 баг, хүүхдийн таван багийн 250 гаруй тамирчин оролцсон юм.
"Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд улс, аймгийн алдар цолтой харваачид олноор оролцож байгаа нь сайшаалтай. Монгол улсын Дархан мэргэн нэг, Монгол улсын хошой мэргэн тав, Монгол улсын мэргэн найм, аймгийн гоц мэргэн 40 харваач оролцож байгаа нь тус тэмцээний цар хүрээ, нийт оролцож байгаа хүний тоо 200-г хол давсан нь шагай харваа спорт Баянхонгор аймагт дэлгэрэн хөгжиж байгааг харуулж байна" гэдгийг тэмцээний үеэр зохион байгуулагчид онцолж байв.
Энэ удаагийн тэмцээний шагналын сан ч өндөр байсан бөгөөд хоёр сая гаруй төгрөгөөр аваргуудаа байлжээ. Ийнхүү тэмцээний аваргуудыг шалгаруулахад Баян-Өндөр сумын харваач Т.Ерөөлт түрүүлж, Шинэжинст сумын харваач Монгол Улсын мэргэн Б.Батбаяр, Шинэжинст сумын харваач, аймгийн гоц мэргэн н.Тогтох нар удаалсан байна.
Шагайн харваа Баянхонгор аймагт 1987 оноос өргөжин хөгжиж, өдгөө “Шагайн харваан холбоо”-нд 700 гаруй тамирчин бүртгэлтэй болод байна. Тус холбооныхон энэ жил "Ламын гэгээний тойром" хэмээх улсын томоохон тэмцээнийг Хонгор нутагтаа зохион байгуулж, 1000 шагайчинг нэгэн дор цуглуулж наадуулахаар төлөвлөжээ.
Шагай харвааг 2014 онд ЮНЕСКО-н “Хүн төрөлхтний  биет  бус соё­лын өвийн төлөөллийн жаг­саалт”-д бүртгэсэн байдаг.

                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ