Мод, модон материалыг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-24 12:19:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлжээ. Энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч, энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Манай улсын нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувь нь ой юм. Жил бүр гал гарч, ойн сан тодорхой хэмжээгээр шатаж байна. Гэтэл бид түймэрт алдаж байгаа талбайгаа нөхөн сэргээж чадахгүй байна. Иймд энэхүү хууль энгийн журмаар батлагдсан өдрөөс хэрэгжих нь зөв. Төсвийн бүрдэлтэд хохирол гарахгүй, харин ойн санд үзүүлэх эерэг нөлөө нь их юм. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн байр суурьтай байв. Хэлэлцэж буй асуудалтай үг хэлсэн гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг 2018 оны төсөв өргөн барих үед хамтад нь оруулж ирэх ёстой байсан. Төсвийн жил эхлээд явж байхад тус хуулийн төслийг оруулж ирснийг буруутгав.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
Б.Туул
 
Холбоотой мэдээ