"Их цааз" төсөл боловсруулснаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-24 14:19:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Их цааз” төсөл боловсруулсан талаар “Гал үндэстэн” холбоо, “Босоо хөх Монгол”, “Шинэ аравт”, “Март 8 эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийв. Энэхүү төсөлд байгаль орчин, үндэсний үзэл, газар шорооны төлөө тэмцдэг 12 хөдөлгөөн нэгдэж, Монгол Улсыг өөрчлөх “Их цааз” төслийг боловсруулсан гэв.
"Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болж байгаа ч төр улсынхаа язгуур шинж чанарыг сэргээлгүй явсан нь энэ бүх алдааны эхлэл. Бид тунгааж боддог, гурван цагийн эргэлтээ санаж сэрдэг байх хэрэгтэй. Монгол хүн бүр нам гэж талцахгүй “Их цааз” хуулийн төсөлд нэгдэж санал бодлоо уралдуулах ёстой. Ингэж байж Монгол улс хөгжинө” хэмээн Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр хэллээ. "Хамгийн гол шийдэх асуудал бол сонгуулиа яаж явуулах вэ? Монгол улс Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай байх уу? Хэрвээ парламентын засаглалтай бол яаж сонгох вэ?
“Их цааз” хуулийг нэг жилийн хугацаанд эрдэмтэн, мэргэд болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй зөвлөлдөж боловсруулсан. Мөн энэхүү хуулийн талаар хэлэлцүүлэг ч цаашид үргэлжилнэ. “Их цааз” төслийг 10 айл өрхөд нэг байхаар бодож хэвлэх болно" гэж уг хөдөлгөөнийхөн мэдэгдлээ. Цаашид 21 аймаг, 9 дүүрэгт Монголын бүх ард иргэдэд “Их цааз” төслийг хэлэлцүүлж, ойрын 5 жилд багтаан нэгтгэж бодлого боловсруулагчдад өргөн барина. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг ардчилсан нийгэм нэрийн дор олон намын тогтолцоонд шилжин улмаар эзэн эрхээ алдаж, эв нэгдэлгүй ороо бусгаа, гажуудсан нийгмийг бий болгожээ. Үүний үр дүнд ирээдүй хойчдоо ухсан газар, бургисан шороо, хордсон ширгэсэн гол горхи, дааж давшгүй өр шир, өвчилсөн нийгэм, алдагдсан тусгаар тогтнолыг үлдээхэд хүрлээ. Иймээс нам төвтэй төрийн тогтолцоог халж, иргэн бүрт үүрэг хариуцлагыг тэгш оногдуулж, үндэсний эрх ашгийг төрийн бодлого болгон шударга ёсыг тогтоохын тулд “Монгол улсын Их Цааз” төслийг Эвлэн мандуулах хүчнээс төрт түмэндээ зарлаж байна хэмээн мэдээллээ. 

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ