Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн түншлэлийн хуралдааныг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-24 16:14:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг энэ оны долдугаар сарын 3-6-нд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотноо болж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр уг арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНСУ,БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгчид хандан үг хэлснээр хуралдаан эхэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон бодлого, зорилтын талаар өгүүлээд, “Дэлхийн нийт хүн амын ихэнх хувь нь амьдарч байгаа хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн анхаарах  асуудал болж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулах онцлох хуралдааныг “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээв.



Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр өдөр үргэлжлэх Азийн түншлэлийн хуралдаанд амжилт хүсээд, Азийн сайд нарын бага хурлаас гарах Улаанбаатарын тунхаглал, оролцогч талуудын мэдэгдэл зэрэг баримт бичгүүд болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын хөтөлбөрийг эцэслэн батлахад оролцогч тал бүр санаа, оноогоо тусган сайтар хэлэлцэхийг үгийнхээ төгсгөлд онцоллоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ