Өнгөрсөн онд хулгайн хэрэг 66,6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-24 21:39:22
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт бараг анх удаа төрийн байгууллага мэдээллээ хэвлэл мэдээллийн салбарынханд нээлттэй хүргэхээр хэвлэлийн бага хурал хийсэн нь шүүхийн байгууллага боллоо.
Аймгийн шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан энэ арга хэмжээнд сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэндулам, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мягмарсүрэн, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа нар оролцож үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Аймгийн шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа:
- Булган аймаг дахь анхан шатны шүүхүүдээс шүүн таслах ажиллагааны 2017 оны жилийн эцсийн болон 2018 оны эхний улирлын тайлан мэдээний тухай хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэх, шүүхийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангахаар энэ арга хэмжээг зохион байгуулж байна гэж хэвлэлийн бага хурлын зорилгыг тодрууллаа.
- 2017 онд 192 хэрэг хүлээн авч, 174 хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ оны 4-р сарын 24-ний байдлаар 78 хэрэг хүлээн авч, 64 хэргийг шийдвэрлэж, 5 хэргийн үлдэгдэлтэй, 9 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.  Давж заалдах шатны шүүхээр 2017 онд 44 хэрэг, 2018 оны эхний улиралд 6 хэрэг хянагдсан байна.
"2017 онд бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 56,2 хувь өссөн, хулгайн хэрэг 66,6 хувиар буурсан үзүүлэлт байна. Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүнд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг гарч байна. Зөрчлийн тухай хуулиар нэлээд гэмт хэрэг гарах боллоо. Энэ нь ихэвчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан буюу согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр хэрэг үүсч, 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байна. Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, хүсэл зорилгынх нь эсрэг үйлдэл хийхийг шаардсан зөрчил гаргаж шийтгэгдэж байна" гэж сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэндулам мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд “Булган мэдээ” сонин, “Сайхан Монгол” телевиз зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, шүүхийн байгууллага, хянан шийдвэрлэж байгаа хэрэгтэй холбоотой мэдээллийн талаар асууж тодрууллаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ