АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-25 13:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа тайлагнадаг уламжлал ёсоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Сар бүрийнхээ гэмт хэрэгтэй холбоотой  мэдээллийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар  хийв.
Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуултад бүрэн хариулт өгөлгүйгээр "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө" хэмээсэн. 
Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгажээ. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгасан аж. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах хэлтсийн ачаалал эрс нэмэгдсэнээс өнөөдрийн хуралд мөрдөн шалгах хэлтсийн дарга оролцож амжаагүй" гэдгийг бас дуулгалаа.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, "Зарим хэргээс дурдвал УИХ-ын гишүүн Л.Энхболдын мэдээлсэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Таван толгой ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" компанийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж,  268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлт нээсэн. Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүйг хэрэг бүртгэлт нээн шалгаж байна. 
Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэргийг шалган ажиллав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаалал 4 дахин нэмэгдсэн" хэмээн онцлов. Өнгөрсөн сард АТГ-ын Олон нийтийн төвд сургалтууд болж 1055 албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамарчээ.
Гомдол мэдээлэл хүлээн авах 1800-19669 утсаар 11 гомдол хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөлгөө өгчээ. Хяналт шалгалтын ажлын хувьд төрийн өндөр болон бусад 236 албан тушаалтан, ШЕЗ, УЕП, ХЗДХЯ-ны харьяа 17 байгууллагын 10150 мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орологын мэдүүлгийг хянаад хураангуй хэлбэрээр олон нийтэд мэдээлэхэд бэлэн болоод байна. Мөн оффшор бүсийн улс оронд ажиллаж байхдаа нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах зэрэг талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан 20 албан тушаалтны мэдүүлгийг олон нийтэд мэдээлсэн. Энэ мэдээллийг зөв ойлгох, цаашид иймэрхүү асуудалтай холбоотой мэдээллийг өгвөл хамтран ажиллахад бэлэн гэдгээ Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар мэдэгдлээ. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 хүний материалыг шалгаж 22 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулж, илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигчийг тогтоон холбогдох байгууллагуудад мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт эрүүгийн хэрэг үүсгээгүй, харин мэдүүлэг авсан гэлээ. С.Баярын хувьд өөрөө хэн нэгэнтэй уулзахгүй, эргэлт авахгүй гэсэн тул бусадтай уулзуулахгүй байгаа, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хувьд прокуророос өгсөн чиглэлээр л шалгаж байгаа, харин уулзалт эргэлтийн талаар ШШГЕГ-аас асууж лавлах хэрэгтэй гэдэг хариу өглөө. Дээрх хэргүүдтэй холбоотой ямар ч асуудлыг прокурорын хяналт дор хийж байгаа, хэрвээ асуулт асуух бол бичгээр дамжуулж өгөх, АТГ  хариугаа өөрийн вэб сайтаар дамжуулж хариулах болно гэдгийг Тамгын хэлтсийн  дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням албан ёсоор мэдэгдэж хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ