“Цахим бодлогын түр хороо” байгуулах тогтоолын төслийг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-26 10:00:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулж энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлага үүсээд байгааг төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа онцоллоо.

Учир нь манай улсад мэдээлэл, харилцааны технологи үүсч хөгжин улсын эдийн засаг, нийгэм, соёл, иргэдийн сэтгэлгээнд бодитой өөрчлөлт авчирсан хэдий ч хөгжлийн хурд, нөлөөлөл нь боломжит хэмжээ, хүрээнд хүрэхгүй байна. Гэтэл дэлхий дахинд мэдээлэл, харилцааны төхнологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загвар их байна. Иймээс дэлхий дахины энэхүү жишиг загвар, ололт туршлагад тулгуурлан улс орныхоо эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон, чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилготой “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын олон иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах үүрэг бүхий ийм Түр хороог Улсын Их Хурлын бүтцэд байгуулснаар дээрх асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдаад энэ талаарх дэлхийн бусад орны сайн туршлага, жишиг загварын талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, А.Ундраа, С.Батболд, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, О.Содбилэг нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авав. Мөн гишүүдийн зарим асуултад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Н.Энхболд, О.Содбилэг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонхи нь нэг талаар дэлхий дахинд мэдээлэл, технологийн хөгжил асар хурдтай хөгжиж, тухайн улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж байгаа, нөгөө талаар сошиал орон зай ихээхэн тэлж, тэр хэрээр мэдээллийн аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг чухалчлагдаж байгаа ийм үед энэ салбарт тавигдах төрийн бодлого, эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай тул тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Энэ үндсэн дээр эхлээд салбарын өнөөгийн нөхцөл байдалд цогцоор нь үнэлэлт дүгнэлт өгөх, үүндээ тулгуурлан цаашдын чиглэлийг тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, энэ хүрээнд одоо байгаа дэд бүтэцдээ суурилан нэн түрүүнд цахим засаглалыг хэрэгжүүлж төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, төрийн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн болон зөөлөн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Түүнчлэн хэд хэдэн гишүүн энэ Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төрийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим засаглал, цахим бодлого, түүнийг хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баимтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Туяа

 
Холбоотой мэдээ