Байгаль орчны гэмт хэргийн дийлэнх ашигт малтмалтай холбоотой асуудал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-29 16:09:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Прокурорын газар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн хэмжээнд гарсан тухайн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлан, зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
Өнгөрсөн онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй нийт 15 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 14 буюу 93.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 1 буюу 6.7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийд гаргасан байна. 
Нийт гэмт хэргийн 10 буюу 66.6 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж, ганцхан Бүрэгхангай суманд гарсан байна. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 1, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3, ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг 1 гарсан аж.
Аймгийн хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг гурван зөрчил илэрч, хуульд заасны дагуу 150.000-300.000 төгрөгөөр торгуулсан нь тарвага агнасан, худалдсан, худалсан авсан зөрчил байжээ. Үүнээс харахад “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг, “Тарвага хууль бусаар агнах, худалдах, худалдан авах” зөрчил хамгийн ихээр үйлдэгджээ.
Дээрх гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүрээлэн байгаа орчинд нийт 1.5 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ гэж аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ