Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлага энэ сарын 4-6-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-02 12:46:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗД-ын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн 7 дүүрэгт энэ сарын 4-6-ны өдөр зохион байгуулахаар болсон. Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүдээс дүүргүүдийн цэрэг татлагын товчоонд ажиллах хуваарь болон цэрэг халалт, татлагын бэлтгэл ажилтай танилцсан тайланг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ. 
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд- Цахим бүртгэл” хөтөлбөр зохион байгуулж байгааг мэдээлж “Тус мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын нэгдсэн мэдээллийн сантай болсон, бүртгэсэн мэдээлэл архивлагдах бөгөөд  архивласнаас хойш засах  боломжгүйг дуулгав.
Мөн хэрэглэгч хоорондын эрхийн хязгаарлалт хийх юм. Штабын эрхээр ороход эмчийн мэдээлэлд завсар хийх боломжгүй. Зөвхөн өөрийн мэдээллийг архивлахаас өмнө засах устгах боломжтой аж. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түвшинг тодорхойлсноор цэргийн насны иргэдийн эрүүл мэндэд тавих хяналт дээшилж, иргэдийн эрүүл мэнд сайжирна. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түүх /мэдээлэл/-тэй болж, назологи, өвчлөл, эрүүлжилтийг нэг дор он, оноор харах боломжтой. Эмч нарын хариуцлага дээшилж, бүртгэл, мэдээллийн хурд нэмэгдэж буйг онцлов. НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын удирдлагуудад цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны өдөр хууль, дүрэм, журмын хүрээнд тэгш, шударгаар, цаг, хугацааг тооцож, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг үүрэг болгов.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ