Ч.Хүрэлбаатар: Төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой эсэх болон Хотгор шанагын уурхайн асуудлаар тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төслийг дэмжээд, нэгтгэж хэлэлцэхээр болсон. Тэгвэл 100 хувь олгох боломж төсөвт бий юу?
-Хэрэв 100 хувь олгоно гэвэл хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа. 100 хувь болгохоор мөнгө байхгүй учир Төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэгвэл Төсөв ямар тохиолдолд тодотгох нь хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа. Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай. Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй. Энэ оны эхний 3 сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
-Таны гэр бүлийнхний нэр дээр “Хотгор шанага”-ын лиценз байгаа талаарх нэвтрүүлэг гарсан. Та болон ах дүү нарын чинь нэр дээр лиценз бий юү?
-Тэр нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худлаа мэдээлэл. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад тусалж өгөөч гэсэн зүйлүүд их гарч ирж байгаа шүү дээ. Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм гэдгээ мэдэж авсан.
-Та Сангийн сайдаар томилогдохдоо надад болон манай ах нарт ямар ч уул уурхайн лиценз байхгүй гэж хэлсэн. Гэвч таны хоёр ах болон зөвлөх дээр “Хотгор шанага”-ын хэд хэдэн лиценз байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Хэзээ ч лиценз байгаагүй. Хотгор шанага гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан боловч 3 жилийн дараа төлсөн. Ийм л асуудал байгаа. Лиценз, концесс, тендерт манай гэр бүлийнхэн оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.
-Та энэ талаар мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүмүүс бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздүүд нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
16 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг