Юань дэлхийн нөөц валют боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-01 10:37:35

ВАШИНГТОН. /TASS/. Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц валютын сагсанд орууллаа.  Энэ тухай тус сангийн тэргүүн Кристин Лагард Вашингтон хот дахь төв байрандаа мэдэгджээ. Юанийг дэлхийн нөөц валют болгох тухай шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

“Юанийг нөөц валютын сагсанд оруулах тухай захирлуудын зөвлөлийн шийдвэр нь Хятадын эдийн засгийг дэлхийн санхүүгийн системд нэгтгэх үйл явцын чухал алхам юм. Энэ нь мөн Хятадын эрх баригчдын улсынхаа валютын болон санхүүгийн тогтолцоог шинэчлэхэд сүүлийн жилүүдэд хүрсэн ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрч буйн тэмдэг юм. Эдгээр хүчин чармайлтыг үргэлжлүүлж, гүнзгийрүүлэх нь олон улсын валют-санхүүгийн илүү тогтвортой тогтолцоог бий болгох бөгөөд энэ нь Хятадын болон дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, цаашид өсөхөд нөлөөлнө” гэж Кристин Лагард цохон тэмдэглэсэн байна.

Өчигдөр нөөц валютын сагсын талаарх ээлжит тоймыг гаргасны дараа ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн шийдвэрийг баталжээ. 

Үүнээс хойш ОУВС-гийн нөөц валютын сагсанд АНУ-ын доллар, евро, Японы иен, Их Британийн фунт, Хятадын юань байх юм. ОУВС-гийн дүрэм ёсоор эдгээр валютын гаргагч орнуудын эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг нь тус сан болон бусад орнууд ашиглахад хялбар бодлого явуулах үүрэгтэй.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ