Ялалтын баярыг угтан Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-07 16:33:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг Дэлхий даяар дурсан тэмдэглэдэг. Энэ л өдрүүдэд дэлхий түүхээ эргэн дурсаж, гуниг тээсэн он жилүүдээ, өнөөгийн аз жаргалтай мөчөө бахархан дурсдаг юм. Энэ жил Аугаа их эх орны дайны Ялалтын 73 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ялалтын ойг угтан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх уламжлалт үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт ёслол төгөлдөр боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич болон Алтанбулаг сум, Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, төр захиргааны ахмад ажилтнууд, нутгийн ард иргэд оролцлоо.
Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ