Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-05-08 13:50:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш Ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Энэ түүхэн өдрийг угтаж өнөөдөр ахмад дайчдын төлөөлөл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, МАХН-ын удирдлага Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Эл арга хэмжээнд Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ахмад дайчид, бэлтгэл генерал, офицеруудын төлөөлөл, мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Брэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев урилгаар оролцов.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, “Монголчууд бид хүн төрөлхтнийг фашизмын аюулаас аварч, ялалт авчирсан Оросын ард түмэн, ЗХУ-ын арми, хоёр орны ахмад дайчдаа зөвхөн  Ялалтын энэ өдрүүдэд дурсан санах бус, өдөр бүр хүндэтгэн хайрлаж баяр хүргэж байх учиртай”  гэв.
ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев “Ялалтын баярын өмнө ийм сайхан дурсгалт арга хэмжээ зохион байгуулж, ялалтын үнэ цэнийг залуу үедээ ойлгуулж байгаад талархаж байна. Манай хоёр орны ард түмэн дайны эхний өдрөөс хамт байж хүнд бэрхшээлийг даван туулж, Монголын ард түмэн өгөөмөр сайхан сэтгэлээр тусалж байсныг Оросын ард түмэн мартахгүй, дурсан санаж байдаг” гэв.
Монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, ялалтын төлөө” уриа дэвшүүлэн Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж, ЗХУ-д бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлж, 1941 оны 10 дугаар сард 1.8 сая төгрөг, 1942 оны 12 дугаар сард 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 грамм алт, хувцас, агт морьд илгээж дайны домогт Т-34, Т-70 танкуудаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг хүлээлгэн өгч байсан юм. Мөн нисэх онгоцны “Монгол Ард” эскадрил байгуулж байсан билээ.Үүнийг дурсан Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа “Монгол хүн мориндоо хайртай байдаг. Дайны хүнд өдрүүдэд монголчууд хийморь болсон морьдоо фронтын дайчдад илгээж Монгол морьд Берлин хүртэл Орос цэргийн үнэнч хүлэг болон хүрч байлаа. Монголчууд бид юу байгаа, чадах чинээгээрээ Оросын ард түмэнд тусалж ялалтанд хувь нэмрээ оруулж байсныг дурсан санахад таатай байна” гэв.
Б.Болд
 

Холбоотой мэдээ