Трамп-Кимийн уулзалт Панмүнжомд болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-10 07:09:10
ВАШИНГТОН. /АП/. АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр засгийн газрын хуралдааны өмнө сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ тухай хэлсэн байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн сарын 27-нд хоёр Солонгосын удирдагчид Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсоны дараа Трамп-Кимийн уулзалт ч тэнд болж магадгүй гэсэн мэдээлэл олон улсын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ