Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 16:21:15

Зам, тээврийн сайд М.Зоригт, ЗТЯ-ны Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм болон төмөр зам, агаарын тээвэр, авто замын газрын мэргэжилтнүүд Тэргэнцэртэй иргэдийн холбооныхонтой уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо.

Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, онгоцонд суухад учирдаг хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж, цаашид энэ тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ. Тэд нийтийн тээврийн хэрэгсэл, автобус, галт тэрэг, онгоцонд суух үедээ сэтгэл зүйн болон биеийн хөдөлгөөний хязгаарлалтад байдаг бөгөөд хэн нэгнээс хараат байдалд ордог. Иймээс Зам, тээврийн яаманд хандан хүсэлт тавьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй зорчигч тээврийн үйлчилгээг хүргэх хэрэгтэй байна гэдгийг Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор учирласан юм.

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврийн автобусанд суух тохиолдолд жолооч кондукторууд л суухад тусалдаг. Галт тэргэнд ч мөн адил. Уг нь зориулалтын өргөгч тийм ч үнэтэй эд биш. Нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, 1-2 суудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орж гарах, суух зориулалтын болгож болно. Хөгжилтэй орнуудад автобус, галт тэргэнд бидэн шиг хүмүүст зориулсан тусгай хонх байдаг. Тэр хонхыг дарснаар манай автобус, галт тэргэнд тэргэнцэртэй иргэн явж байгаа юм байна гэдгийг жолооч мэдэж, туслах арга хэмжээ авдаг. Мөн зорчигчдод тасалбар, билетийг онлайнаар захиалж авдаг, захиалгаа өгдөг болмоор байна. Бид тусдаа өөрсөддөө зориулсан үйлчилгээний алба ажиллуулж болох юм. Ядаж хэдэн хүнээ ажилтай болгочихно.

Хөдөлмөрийн яам манай холбоонд хоёр ширхэг “Приус” машин өгсөн. Бидэнд маш их тус болж байна. Нэгнийгээ эмнэлэгт үзүүлэх, хэвтэх гэхчлэн шаардлагатай үед нь тусалж байгаа. Нийслэлд байгаа тэргэнцэртэй иргэдийн нийгмийн халамж үйлчилгээнд зориулж 10 ийм машин байхад болох юм байна гэж бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаад руу явлаа гэхэд Монголын хилээр гарахад л шал өөр орчин тосож авдаг. Бидэнд зориулсан тусгай зам, угтах, хүргэх үйлчилгээ гээд бүх юм нь хүндээ зориулагдсан байдаг юм билээ.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журамтай ч гэлээ бид тэр мөнгийг гар дээрээ авч үзээгүй” гэлээ.  

Зам, тээврийн сайд М.Зоригт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хууль эрхзүйн орчин нь байгаа хэрнээ амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Сэтгэл л дутаад байгаа юм. Нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй ажил. Зам, тээврийн яамны зүгээс хийж, хэрэгжүүлж, шийдвэрлэж болох бүхий л ажлыг гурван сарын хугацаанд хийе гэдгээ амлаж байна. Энэ удаад манай яамны холбогдох албаны хүмүүс бүгд ирсэн байгаа. Тус тусынх нь асуудлыг сайн тэмдэглэж аваад, шуурхай арга хэмжээ авч ажиллана. Агаарын тээвэр, авто зам, авто тээвэр, төмөр замын мэргэжилтэн, хэлтсийн дарга нар та бүхэнд тулгараад байгаа зовлон бэрхшээл, асуудалд анхааралтай хандаж, арга хэмжээ авахын төлөө шаардлагатай ажлуудыг зохион байгуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна”  гэсэн юм. 

Холбоотой мэдээ