Монгол цэргийн музейн үйл ажиллагааг сурагчдад танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-14 13:10:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг угтан Монгол цэргийн музей, Монголын СОС хүүхдийн хотхон, “Атар өргөө” ХК хамтран “Музейн өдөр ба нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 13-нд зохион байгууллаа.

Монгол цэргийн музейн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн эхэнд Монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай, “Атар өргөө” ХК-ийн Борлуулалтын албаны дарга Д.Дэлгэрбаяр нар ирээдүйн эх орны эзэд болсон өсвөр үеийнхэнд сурлага, сахилга, урлаг, спортын өндөр амжилт хүссэн юм. Мөн эрдэм шинжилгээний ажилтан-түүхч Ж.Одонтуяа “Олон улсын музейн өдөр”, “Монгол цэргийн музейн үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийж, Олон нийттэй харилцах ажилтан Б.Отгонбаяр “Цэрэг, эх оронч үзэл ба Монгол бахархал” сэдвээр лекц уншлаа.
Өдөрлөгийн дараагийн хэсэгт хүүхдүүд 3 бүлэгт хуваагдан музейг үзэж, дэлгэрэнгүй тайлбартай аялалд хамрав.
Энэ үеэр “Атар өргөө” компанийн төлөөллөөс зарим тэргүүний сурагчдыг өөрийн компанийн бүтээгдэхүүний дээжээр шагнаж, амтат бялуугаар дайлсан юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ